МЭНДЧИЛГЭЭ

Манай сургууль 1959 оноос үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн, тухайлбал анхны аж үйлдвэрийн инженер - эдийн засагчдыг бэлтгэж эхэлснээс хойш олон мянган мэргэжилтэнг төгсгөсөн нь улс орны нийгэм – эдийн засгийн бүхий л салбарт амжилт, үр бүтээлээр дүүрэн ажиллаж байна.

Тус сургуулийн магистр, докторын бүх хөтөлбөрүүд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

Манай сургууль Дэлхийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулиудын (Eduniversal) холбооноос тодруулдаг “Дэлхийн 1000 шилдэг сургууль” – ийн нэгээр 2008 оноос хойш жил бүр тасралтгүй шалгарсаар ирлээ. Мөн 2013 онд Олон улсын Магадлан итгэмжлэлийн (ACBSP) хөтөлбөрт манай сургуулийн магистрын 7 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнээс гадна 2014 онд Испаний олон улсын байгууллага (Business Initiative Directions (BID))-аас 179 орны бизнесийн чиглэлээр ажилладаг их дээд сургууль, байгууллагуудын үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлон “Олон улсын чанарын алтан титэм” (International Quality Crown)-ийг олгосон нь манай үе үеийн профессор багш, ажилтан, төгсөгчид, оюутнуудын амжилт бүтээлийн үр дүн юм.

ШУТИС– ийн Бизнесийн Ахисан түвшний сургуулийг сонгон суралцах гэж буй Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох оюунлаг залуус та бүхний өмнө манай сургуулийн хаалга үргэлж нээлттэй байх болно.

Та бүхэнд чадварлаг мэргэжилтэн, судлаач болж Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр болоход тань бид туслах болно.

Эрдэм номын ариун үйлс дэлгэрэх болтугай!

                                                                          Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн

                                                                                          Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал

                                                                                                             Намсрайн Гүрбазарын БАТТҮВШИН