Элсэлтийн журам


МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭЛСЭЛТ

8.1.      ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн профессорын багууд магистрант, докторант элсүүлэх мэргэжлийн чиглэл, элсэгчдийн хяналтын тооны талаар саналаа МДА-нд ирүүлэх бөгөөд ирсэн саналыг Эрдэм шинжилгээ, технологийн проректорт танилцуулж, улмаар гаргасан шийдвэрийг үндэслэн элсэлтийн шалгалт эхлэхээс хоёр сарын өмнө нийтэд зарлаж, бүртгэл явуулна. Магистрантурт элсэгчдийг бүрэлдэхүүн сургуулиуд дээр, докторантурт элсэгчдийг МДА-нд бүртгэнэ.

8.2.      Бакалаврын зэрэгтэй хүнийг магистрын зэргийн өдрийн болон зайн сургалтанд, магистрын зэрэгтэй хүнийг доктор(Ph.D)-ын зэргийн өдрийн болон зайн сургалтанд уралдаант шалгаруулалтаар  тус тус элсүүлнэ.

8.3.      Магистрантур, докторантурын элсэлтийг хичээлийн жилийн улирал бүрт зохион байгуулах бөгөөд магистрантурын элсэлтийн шалгалт нь компьютер, гадаад хэл, мэргэжлийн шалгалтаас, докторантурын элсэлтийн шалгалт нь гадаад хэлний болон мэргэжлийн шалгалтаас тус тус бүрдэнэ. Шалгалт нь мэдлэг шалгах тест ба мэргэжлийн ярилцлага хэлбэртэй байна. Элсэлтийн шалгалтыг МДА зохион байгуулна.

8.4.      Магистрантурт элсэхээр хүсэлт гаргасан элсэгчийн бакалаврын зэргийн дипломын үнэлгээний голч дүн (GPA) нь 2.5 ба түүнээс дээш тохиолдолд элсэгч зөвхөн мэргэжлийн ярилцлагад орно. Мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, холбогдох мэргэжлийн салбарын эрхлэгч, профессорын багийн тэргүүлэх профессор хамтран зохион байгуулна.

8.5.      А. Магистрантурт суралцахыг хүсэгч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:

  • Анкет
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
  • Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар
  • 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
  • Элсэлтийн хураамж

 

Б. Докторантурт суралцахыг хүсэгч бүртгүүлэхдээ дээрхээс гадна дараах материалыг нэмж бүрдүүлнэ. Үүнд:

  • Магистрын дипломын баталгаажуулсан хуулбар
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат

8.6.      Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу суралцах хүсэлтээ албан ёсоор гаргасан гадаадын иргэдийг магистрантур, докторантурт суралцуулах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан гадаадын иргэдийг суралцуулах журмын дагуу элсүүлэн суралцуулна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцөлийг баримтална.

8.7.      ШУТИС-ийн магистрантур, докторантурт суралцах, мэргэжил дээшлүүлэх гадаадын иргэд нь тус сургуульд мөрдөгдөж буй сургалтын хөтөлбөр,  стандарттай дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байна.

8.8.      Магистр, доктор (Ph.D)-ын сургалтанд суралцах хүсэлтэй гадаадын иргэд дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Засгийн газар хоорондын хэлэлцээрээр суралцах бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг
  • Дэлгэрэнгүй анкет (англи хэл дээр, тусгай маягтаар)
  • Хувийн өргөдөл
  • Эрүүл мэндийн тодорхойлолт
  • Гадаад паспорт ба түүний баталгаажуулсан хуулбар (орчуулгын хамт)
  • Өмнөх боловсролын зэргийн үнэмлэх, диплом, тэдгээрийн баталгаажуулсан хуулбар (орчуулгын хамт)
  • 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат (орчуулгын хамт)
  • Элсэлтийн хураамж

8.9.      Шинээр элссэн магистрантын судалгааны ажлын сэдвийг профессорын багийн хурлаар, докторантын судалгааны ажлын сэдвийг бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хичээлийн жилийн эхний улиралд багтаан суралцагч нэг бүрээр тодорхойлж, магистрант, докторантын сэдвийг батлуулах саналыг бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга МДА-нд хүргүүлэх ба их сургуулийн Ректорын тушаалаар баталгаажуулна.

8.10.    Докторантын зөвлөх комисс нь докторантын судалгааны ажлын төлөвлөгөө, онолын судалгааны тойм, судалгааны арга зүй, судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцэн санал, дүгнэлт, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй байх ба удирдагчийг оролцуулан 3 эрдэмтний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөх комиссыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн их сургуулийн Ректорын тушаалаар батална.

Зарлал

Бүх зарлал

ШИНЭ МЭДЭЭ



БҮХ МЭДЭЭ