Сургалт явагдах журам


 

ШУТИС-ийн Ректорын  2011 оны                                                                                                             À-63 тоот тушаалын хавсралт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД  МАГИСТР, ДОКТОР(Ph.D)-ЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ, ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.      Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын 2007 оны 187 дугаар тушаалаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”, “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”, Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын 2010 оны 492 дугаар тушаалаар батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг тус тус үндэслэн, ШУТИС-ийн хэмжээнд магистр, доктор(Ph.D)-ын зэрэг олгох сургалт (цаашид магистрантур, докторантур гэх) эрхлэх, магистрантур, докторантурт оюутан элсүүлэх, сургалтын орчныг бүрдүүлэх, магистр, доктор оюутан (цаашид магистрант, докторант гэх)-ны сургалтын улирлын ачааллыг зохицуулах, магистр, доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалуулах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.      Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудлыг ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргана.

ХОЁР. МАГИСТР, ДОКТОР(Ph.D)-ЫН СУРГАЛТЫН АГУУЛГА

2.1.      ШУТИС-ийн магистр, доктор(Ph.D)-ын сургалтын агуулга нь олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцэхүйц, шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, туршилт судалгааны арга зүйг суралцагчдад эзэмшүүлэхэд оршино.

ГУРАВ. СУРГАЛТ ЭРХЛЭХ ЭРХ

3.1.      Магистрантур, докторантурт оюутан элсүүлэх, магистрант, докторантын сургалтын улирлын ачаалал, сургалтын төлбөр, тооцоог зохицуулах, суралцагчдыг шилжүүлэх, чөлөө олгох, хасах зэрэг магистр, доктор(Ph.D)-ын сургалтын бодлого зохицуулалтыг ШУТИС-ийн Магистрантур, докторантурын алба (цаашид МДА гэх) эрхлэн явуулах ба хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэлдэхүүн сургуулиуд дээр зохион байгуулна.

3.2.      ШУТИС-д магистр, доктор(Ph.D)-ын сургалт эрхэлж буй бүрэлдэхүүн сургуулиуд нь тухайн чиглэлээр суурь болон хавсарга судалгаа шинжилгээний ажлыг өөрийн багш, эрдэмтэд болон эрдэм шинжилгээний ажилтны хүчээр явуулах чадвартай байх ба судалгаа шинжилгээний материаллаг бааз, нөөцтэй, судалгааны ажилд зарцуулдаг зохих төсөв, хөрөнгөтэй байна.

ДӨРӨВ. УДИРДЛАГА

4.1.      Магистр, доктор(Ph.D)-ын сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн мэргэжлийн профессорын багууд магистр, доктор(Ph.D)-ын сургалтын үйл ажиллагааг МДА-ны хяналт, удирдлага дор зохион байгуулан явуулна.

4.2.      Магистрант, докторант нарын бүртгэл, сургалтын төлбөрийн тооцоо, хичээл сонголт, дүнгийн мэдээллийг холбогдох бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албад их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем(UNIMIS)-ийн баазад оруулж, мэдээг МДА-нд улирал бүр ирүүлнэ.

4.3.      Магистрын зэргийн хамгаалалт нь МДА-ны, доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалуулах үйл ажиллагаа нь Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын хяналт, удирдлага дор тус тус явагдана.

4.4.      ШУТИС-ийн мэргэжлийн тэнхимд магистр, доктор(Ph.D)-ын сургалт эрхлэх зөвшөөрөл олгогдсон бөгөөд сургалт эрхэлж байгаа бол энэ журмыг нэгэн адил дагаж мөрдөнө.

ТАВ. БАГШ

5.1.      Магистрын сургалтын дээд боловсролын суурь ухааны хичээл заадаг багш магистр ба түүнээс дээш зэрэгтэй, магистрын сургалтын мэргэшүүлэх хичээл болон докторын сургалтын  хичээл заадаг багш нар тухайн чиглэлээр доктор(Ph.D) ба түүнээс дээш зэрэгтэй байна.

5.2.      Магистр, доктор(Ph.D)-ын сургалтанд оролцдог профессор, багш нар тухайн мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг байна.

5.3.      Сургалт эрхэлж буй профессорын багийн тэргүүлэх профессорын саналыг үндэслэн, докторантурын сургалтанд амжилттай суралцаж буй докторантаар мэргэжлийн чиглэлийн дагуу магистрын сургалтын мэргэшүүлэх хичээл заалгаж болно.

ЗУРГАА. МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН УДИРДАГЧ

6.1.      Магистрантур, докторантурт шинээр элсэгчдэд элссэн улиралд нь багтаан суралцагч нэг бүрээр эрдэм шинжилгээний ажлын удирдагч (цаашид удирдагч гэх), зөвлөх нарыг томилно. Судалгааны ажлын сэдвийн онцлогийг харгалзан хамтарсан удирдагч томилж болно. Магистрант, докторантын удирдагч, зөвлөхийг томилуулах саналыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга МДА-нд хүргүүлэх ба их сургуулийн Ректорын тушаалаар баталгаажуулна.

6.2.      Магистрант, докторантын удирдагч нь магистрын ажил, докторын ажил (цаашид диссертац гэх)-ын сэдэв тодорхойлох, суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах, судалгааны ажил хийх болон магистрын ажил, диссертац бичих явцад тодорхой хуваариар мэргэжлийн зөвлөгөө өгч, хяналт тавих, ажлын агуулгыг хэсэг бүрээр болон бүхэлд нь дүгнэх, удирдсан магистрын ажил, диссертацыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл өгөх, эрдэм шинжилгээний болон судалгааны семинар зохион байгуулж суралцагч уг семинарт судалгааны ажлынхаа үр дүнг илтгэн хэлэлцүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

6.3.      Магистрант, докторантын удирдагч нь докторын зэрэгтэй, тухайн чиглэлээр 5-аас доошгүй жил дээд боловсролын байгууллагад багшилсан буюу эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн, судалгаа, шинжилгээний төсөл, гэрээт ажил хэрэгжүүлдэг, сүүлийн 3 жилд нэг сэдэвт зохиол, сурах бичиг болон эрдэм шинжилгээний өгүүлэл 3-аас доошгүйг хэвлүүлсэн байна.

6.4.      Магистрант, докторантын зөвлөх нь тухайн суралцагчийн судалгааны ажлыг дэмжих, зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээний хурал, семинарт илтгэл тавих, мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд нь зөвлөн туслах чиг үүрэгтэй байна.

6.5.      Магистр, доктор(Ph.D)-ын сургалт явуулж буй профессорын багийн санал, магистрантын судалгааны ажлын сэдвийг харгалзан тухайн чиглэлээр амжилттай суралцаж буй докторант болон тухайн салбарын зөвлөх инженерийг магистрантын удирдагч, зөвлөхөөр томилж болно.

6.6.      Бүрэлдэхүүн сургуулийн профессорын багууд ба магистрант, докторантын удирдагч нь хэрэгжүүлж буй судалгааны төсөл, гэрээт ажилдаа суралцаж буй магистрант, докторант нарыг гүйцэтгэгчээр ажиллуулах чиглэлийг баримтална.

6.7.      Магистрант, докторантын удирдагч, зөвлөхийн аль нэг нь өөр их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, судлаач, салбарын эрдэмтэн байж болно. Гадны байгууллагаас ажиллах удирдагч, зөвлөхийн тоо тухайн профессорын багийн удирдагч, зөвлөхөөр ажиллаж буй үндсэн профессор багш нарын тооны гуравны нэгээс илүүгүй байна.

6.8.      Удирдагчийн нэг улиралд шинээр удирдах магистрантын тоо 5-аас илүүгүй, докторантын тоо 3-аас илүүгүй байна.

ДОЛОО. МАТЕРИАЛЛАГ БААЗ

7.1.      Магистр, доктор(Ph.D)-ын сургалт эрхэлдэг бүрэлдэхүүн сургууль нь эрдэм шинжилгээний номын сан, сэтгүүлийн фонд, уншлагын танхим, интернетэд холбогдсон компьютерийн танхимтай байна.

7.2.      Магистр, доктор(Ph.D)-ын сургалт эрхэлж байгаа профессорын баг нь сургалт, судалгаанд шаардлагатай лаборатори, хичээлийн тусгай тоноглол бүхий танхим, семинарын өрөөтэй байна.

НАЙМ. МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭЛСЭЛТ

8.1.      ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн профессорын багууд магистрант, докторант элсүүлэх мэргэжлийн чиглэл, элсэгчдийн хяналтын тооны талаар саналаа МДА-нд ирүүлэх бөгөөд ирсэн саналыг Эрдэм шинжилгээ, технологийн проректорт танилцуулж, улмаар гаргасан шийдвэрийг үндэслэн элсэлтийн шалгалт эхлэхээс хоёр сарын өмнө нийтэд зарлаж, бүртгэл явуулна. Магистрантурт элсэгчдийг бүрэлдэхүүн сургуулиуд дээр, докторантурт элсэгчдийг МДА-нд бүртгэнэ.

8.2.      Бакалаврын зэрэгтэй хүнийг магистрын зэргийн өдрийн болон зайн сургалтанд, магистрын зэрэгтэй хүнийг доктор(Ph.D)-ын зэргийн өдрийн болон зайн сургалтанд уралдаант шалгаруулалтаар  тус тус элсүүлнэ.

8.3.      Магистрантур, докторантурын элсэлтийг хичээлийн жилийн улирал бүрт зохион байгуулах бөгөөд магистрантурын элсэлтийн шалгалт нь компьютер, гадаад хэл, мэргэжлийн шалгалтаас, докторантурын элсэлтийн шалгалт нь гадаад хэлний болон мэргэжлийн шалгалтаас тус тус бүрдэнэ. Шалгалт нь мэдлэг шалгах тест ба мэргэжлийн ярилцлага хэлбэртэй байна. Элсэлтийн шалгалтыг МДА зохион байгуулна.

8.4.      Магистрантурт элсэхээр хүсэлт гаргасан элсэгчийн бакалаврын зэргийн дипломын үнэлгээний голч дүн (GPA) нь 2.5 ба түүнээс дээш тохиолдолд элсэгч зөвхөн мэргэжлийн ярилцлагад орно. Мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, холбогдох мэргэжлийн салбарын эрхлэгч, профессорын багийн тэргүүлэх профессор хамтран зохион байгуулна.

8.5.      А. Магистрантурт суралцахыг хүсэгч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:

  • Анкет
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
  • Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар
  • 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
  • Элсэлтийн хураамж

 

Б. Докторантурт суралцахыг хүсэгч бүртгүүлэхдээ дээрхээс гадна дараах материалыг нэмж бүрдүүлнэ. Үүнд:

  • Магистрын дипломын баталгаажуулсан хуулбар
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат

8.6.      Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу суралцах хүсэлтээ албан ёсоор гаргасан гадаадын иргэдийг магистрантур, докторантурт суралцуулах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан гадаадын иргэдийг суралцуулах журмын дагуу элсүүлэн суралцуулна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцөлийг баримтална.

8.7.      ШУТИС-ийн магистрантур, докторантурт суралцах, мэргэжил дээшлүүлэх гадаадын иргэд нь тус сургуульд мөрдөгдөж буй сургалтын хөтөлбөр,  стандарттай дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байна.

8.8.      Магистр, доктор (Ph.D)-ын сургалтанд суралцах хүсэлтэй гадаадын иргэд дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Засгийн газар хоорондын хэлэлцээрээр суралцах бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг
  • Дэлгэрэнгүй анкет (англи хэл дээр, тусгай маягтаар)
  • Хувийн өргөдөл
  • Эрүүл мэндийн тодорхойлолт
  • Гадаад паспорт ба түүний баталгаажуулсан хуулбар (орчуулгын хамт)
  • Өмнөх боловсролын зэргийн үнэмлэх, диплом, тэдгээрийн баталгаажуулсан хуулбар (орчуулгын хамт)
  • 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат (орчуулгын хамт)
  • Элсэлтийн хураамж

8.9.      Шинээр элссэн магистрантын судалгааны ажлын сэдвийг профессорын багийн хурлаар, докторантын судалгааны ажлын сэдвийг бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хичээлийн жилийн эхний улиралд багтаан суралцагч нэг бүрээр тодорхойлж, магистрант, докторантын сэдвийг батлуулах саналыг бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга МДА-нд хүргүүлэх ба их сургуулийн Ректорын тушаалаар баталгаажуулна.

8.10.    Докторантын зөвлөх комисс нь докторантын судалгааны ажлын төлөвлөгөө, онолын судалгааны тойм, судалгааны арга зүй, судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцэн санал, дүгнэлт, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй байх ба удирдагчийг оролцуулан 3 эрдэмтний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөх комиссыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн их сургуулийн Ректорын тушаалаар батална.

 

ЕС.  МАГИСТР, ДОКТОР(Ph.D)-ЫН СУРГАЛТ

А. Ерөнхий зүйл

9.1.      Магистр, доктор(Ph.D)-ын сургалт нь судалгаа шинжилгээний чиглэлтэй байна.

9.2.      Магистрын сургалтын хугацаа 1-2 жил, докторын сургалт нь 2-4 жил байна.

9.3.      Магистр, доктор(Ph.D)-ын сургалт нь өдрийн болон зайн хэлбэртэй байх ба мэргэжил тус бүрээр батлагдсан сургалтын төлөвлөгөөтэй байна.

9.4.      Магистр, доктор(Ph.D)-ын сургалтын хичээлийн жил нь 15-аас доошгүй долоо хоног бүхий Намрын ба Хаврын, 4-өөс доошгүй долоо хоног бүхий Зуны гэсэн гурван улирлаас тогтоно. Магистр, доктор(Ph.D)-ын сургалтын хичээлийн жил 8 дугаар сарын сүүлчийн Даваа гаригаас “0” дугаар долоо хоног гэж тооцож эхлэх ба сургалтын нэгдсэн хуанлийн дагуу явагдана.

9.5.      Магистрант, докторант нь элссэн улирлын эхний долоо хоногт багтаан суралцах гэрээ байгуулж, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж, сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд хичээл сонголт хийнэ.

9.6.      Төгсөгч оюутнаар бүртгүүлсэн, үнэлгээний голч дүн (GPA) нь 3.0 ба түүнээс дээш амжилттайгаар суралцсан оюутан нь бакалаврын төгсөлтийн ажил гүйцэтгэхийн хамт сонгон судлах 10 хүртэл кредитийн хичээлүүд дотор магистрын түвшний сургалтын суурь ухааны хичээлүүдээс сонгон суралцаж болно. Эдгээр судалсан хичээлийг магистрын сургалтанд элсэн орж суралцахаар болсон тохиолдолд магистрын түвшний сургалтын кредитийн гүйцэтгэлд оруулан тооцно.

9.7.      Магистрант, докторант нь өмнө эзэмшсэнээс өөр мэргэжлээр магистрантур, докторантур элссэн бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах өмнөх холбооны зөрүү хичээлүүдийг профессорын баг, зөвлөх комиссын шийдвэрээр нөхөж судална. Ийнхүү нөхөж судалсан зөрүү хичээлүүдийн нийт кредитийн хэмжээ 21 кредитээс доошгүй ба 60 кредитээс хэтрэхгүй байх бөгөөд магистр, докторын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй. Нөхөж судалсан зөрүү хичээлүүдийн үнэлгээ магистр, доктор(Ph.D)-ын зэргийн дипломын хавсралтад бичигдэнэ.

9.8.      Магистрант, докторант нь өөрийн сургалт, судалгааны ажлын төлөвлөгөөг харьяалах профессорын баг, зөвлөх комисстой зөвшилцөн удирдагчаар батлуулж мөрдөнө. Төлөвлөгөөнд суурь ухааны болон мэргэжлийн хичээлүүдийг судлах, магистрын ажил, диссертацийн сэдвийн чиглэлийг тогтоох, судалгааны семинарт оролцох, сэдэвтэй холбоотойгоор хийх судалгааны ажлын талаар улирал бүрээр тодорхой тусгана.

9.9.      Магистрант, докторантын эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлыг хичээл тус бүрээр ШУТИС-ийн Оюутны мэдлэгийг үнэлэх журмын дагуу, дараах үнэлгээний системээр дүгнэнэ.

Оноо

Үсгэн үнэлгээ

Үнэлгээний оноо

 96-100

A

4.0

91-95

А-

3.7

88-90

В+

3.4

84-87

В

3.0

81-83

В-

2.7

78-80

С+

2.4

74-77

С

2.0

71-73

С-

1.7

68-70

D+

1.3

64-67

D

1.0

61-63

D-

0.7

0-60

F

0.0

9.10.    Магистрант, докторантад чөлөө олгох, сургуулиас хасах, чөлөөлөх, үргэлжлүүлэн сургах, шилжүүлэн суралцуулах зэрэг асуудлыг ШУТИС-ийн Магистрант, докторантын шилжилт хөдөлгөөний журмаар, шилжиж ирсэн суралцагчийн бусад сургуульд судалсан хичээлээс дүйцүүлэн тооцох асуудлыг ШУТИС-ийн Кредит дүйцүүлэн тооцох комиссын ажиллах журмын дагуу тус тус шийдвэрлэнэ. Дүйцүүлэн тооцох кредитийн нийт хэмжээ магистрантурын сургалтын хувьд 12 кредитээс, докторантурын сургалтын хувьд 21 кредитээс хэтрэхгүй байна.

Б. Магистрын түвшний сургалт

9.11.    Магистрын түвшний үндсэн сургалт нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр явагдах бөгөөд суурь ухааны хичээлүүд МДА-ны хяналт, удирдлага дор төвлөрч явагдана. Бүрэлдэхүүн сургуулийн байршил, багшлах боловсон хүчин, материаллаг баазаас хамааран зарим суурь ухааны хичээлийг тухайн бүрэлдэхүүн сургууль дээр явуулах асуудлыг Эрдэм шинжилгээ, технологийн проректор шийдвэрлэнэ.

9.12.    Магистрын түвшний сургалтын төлөвлөгөөг тухайн мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд сурч авсан мэдлэгээ гүнзгийрүүлэх, сургах арга нь судалгаа, шинжилгээний зарчимд тулгуурласан байхаар боловсруулна.

9.13.    Магистрант нь батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу, магистрантурын сургалтын нэгдсэн хуанлийг баримтлан суралцаж, тодорхой сэдвээр судалгааны ажил гүйцэтгэн магистрын төгсөлтийн ажил бичиж, магистрын зэрэг хамгаална.

9.14.    Магистрын түвшний сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүд нь тодорхой кодтой байна. Код нь 3 үсэг, 3 оронтой тооноос бүрдэнэ. Эхний үсэг нь тухайн сургуульд харгалзах код байх ба дараагийн 2 үсэг нь профессорын багийн код байна. 3 оронтой 700-799 гэсэн тоо нь магистрын сургалтын хичээл болохыг тодорхойлно.

9.15.    Магистрын сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээлүүд нь хоорондоо мэдлэг, боловсрол олгох логик уялдаатай, бүтцийн хувьд ижил байх бөгөөд сургалтын төлөвлөгөөг зохих журмын дагуу боловсруулж, батлуулсан байна.

9.16.    Магистрантын нийт судлах сургалтын агуулгын багтаамж 30 кредитээс доошгүй байх ба магистрантын нийт суралцсан хичээлийн үнэлгээний голч дүн (GPA) нь 2.8 ба түүнээс дээш байж магистрын зэрэг авах болзол хангагдана.

9.17.    Магистрант судалгааны ажлын явцыг улирал бүрийн төгсгөлд профессорын багийн хурлаар хэлэлцүүлж, хангалттай үнэлгээ авсан тохиолдолд тухайн улиралд ноогдох судалгааны ажлын бие даалтын кредитийг биелүүлсэнд тооцно.

9.18.    Профессорын багийн санал, бүрэлдэхүүн сургуулийн захирлын шийдвэрийн дагуу идэвх санаачлагатай, амжилттай суралцаж буй магистрантыг сонгож, мэргэжлийн чиглэлийн дагуу бакалаврын түвшний сургалтанд 2 хүртэл кредитийн хичээл (семинар, лаборатори, бие даалт) заалгаж болно. Ийнхүү хичээл заасан тохиолдолд тухайн магистрантын сургалтын төлбөрөөс 2 хүртэл кредитийн төлбөрийг чөлөөлнө.

В. Доктор(Ph.D)-ын түвшний сургалт

9.19.    Энэ журмын 9.14 дүгээр заалтын адил доктор(Ph.D)-ын сургалтын төлөвлөгөөнд заагдах хичээлүүдийн код нь 3 үсэг, 3 оронтой тооноос бүрдэх ба гурван оронтой 800-899 гэсэн тоо нь доктор(Ph.D)-ын сургалтын хичээл болохыг тодорхойлно.

9.20.    Докторант нь батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу, докторантурын сургалтын нэгдсэн хуанлийг баримтлан суралцаж, тодорхой сэдвээр судалгааны ажил гүйцэтгэн диссертац бичиж, докторын зэрэг хамгаална.

9.21.    Доктор (Ph.D)-ын сургалтын нийт судлах сургалтын агуулгын багтаамж 60 кредитээс доошгүй байх бөгөөд сургалтын төлөвлөгөөг зохих журмын дагуу боловсруулж, батлуулсан байна.

9.22.    Профессорын багийн санал, бүрэлдэхүүн сургуулийн захирлын шийдвэрийг үндэслэн идэвх санаачлагатай, амжилттай суралцаж байгаа докторантаар мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр, магистрын түвшний сургалтад 3 хүртэл кредитийн хичээл (лекц, семинар, лаборатори, бие даалт) заалгаж болно. Ийнхүү хичээл заасан тохиолдолд тухайн докторантын сургалтын төлбөрөөс 3 хүртэл кредитийн төлбөрийг чөлөөлнө. 

9.23.    Туршилт судалгааны ажлын кредитийг туршилт хийсэн лаборатори болон судалгаа хийсэн объект, байгууллагын тодорхойлолт, баримтыг үндэслэн тооцохоос гадна хичээл заасан, судалгааны төсөлд ажилласан зэргийг үүнд оруулан тооцож болно.

9.24.    Дараагийн улиралд үргэлжлүүлэн суралцах докторант өмнөх улирлын кредитийн бүрдүүлэлт, шалгалтын дүн, төлбөр төлсөн баримт зэргийг бүрдүүлэн улирлын эхэнд МДА-нд бүртгүүлнэ.

9.25.    Докторант нь туршилт, судалгааны ажлаа эрчимтэй хийж гүйцэтгэн, судалгааны ажлын үр дүнгээ харъяалагдах профессорын баг, мэргэжлийн салбарын эрдэмтдийн хурал, семинар, бүрэлдэхүүн сургуулийн болон их сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

9.26.    Докторант нь суралцах хугацаандаа өөрийн судалгааны ажлын үр дүнгийн талаар улсын хэмжээний эрдэм шинжилгээний бие даасан мэргэжлийн сэтгүүл, их сургуулийн эрдэм шинжилгээний бичигт 3-аас доошгүй өгүүлэл хэвлүүлсэн байх ба олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны сэтгүүлд нэгээс доошгүй өгүүлэл нийтлүүлэх буюу олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2-оос доошгүй илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Ийнхүү нийтлүүлсэн өгүүлэл, илтгэл  нь хамтын бүтээл байж болно.

9.27.    Олон улсын хэмжээний нэр хүндтэй сэтгүүл ба олон улсын хурлын илтгэлийн эмхэтгэлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд 3 хүртэл, дотоодын эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд 2 хүртэл кредитийг бие даалтын кредитэд тооцно.

9.28.    Докторантурын сургалтыг бүрэн дүүргэж, диссертац бичиж, доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалахад бэлтгэж буй докторант (цаашид горилогч гэх) кредитийн гүйцэтгэл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлангаа тухайн бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлд танилцуулж, холбогдох дүн, тайлан, материалын хамт МДА-нд ирүүлнэ.        

9.29.    Доктор(Ph.D)-ын сургалтын хөтөлбөрийг бүрэн биелүүлж 3.5 ба түүнээс дээш үнэлгээний голч дүн (GPA)-тэй суралцсан, мэргэжлийн нэгдсэн шалгалтаа амжилттай өгсөн, шинжилгээ судалгааны ажлын 50 ба түүнээс дээш хувийг гүйцэтгэсэн, сургалтын төлбөрөө зохих журмын дагуу бүрэн төлсөн докторантад МДА-ны саналыг үндэслэн их сургуулийн Ректорын тушаалаар доктор(Ph.D)-ын сургалтыг дүүргэсэн гэрчилгээ олгож, горилогчоор батална.

АРАВ. МАГИСТРАНТААС ГАДААД ХЭЛНИЙ ШАЛГАЛТ АВАХ

10.1.    Магистрант нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийт хичээлийн гуравны хоёрыг судалж дүүргэсний дараа гадаад хэлний  шалгалт өгнө.

10.2.    МДА гадаад хэлний нэгдсэн шалгалт авах тухай нэг сарын өмнө зарлах ба шалгалтад орох магистрантуудын бүртгэл гаргаж, шалгалтын бэлтгэл ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. Магистрантаас авах гадаад хэлний нэгдсэн шалгалтыг улирал бүрт нэг удаа зохион байгуулна.

10.3.    Магистрантын гадаад хэлний нэгдсэн шалгалтыг тухайн хэлний чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй 3-аас доошгүй гишүүнтэй комисс холбогдох удирдамжийн дагуу зохион байгуулж авна.

10.4.    Гадаад хэлний нэгдсэн шалгалтын комиссийн бүрэлдэхүүн болон шалгалт авах удирдамжийг Эрдэм шинжилгээ, технологийн проректор батална.

10.5.    Гадаад хэлний нэгдсэн шалгалтын төлбөр нь тухайн хичээлийн жилийн магистрантурын сургалтын 1 кредитийн төлбөртэй тэнцүү байна. Магистрант гадаад хэлний шалгалтын төлбөрийг шалгалт эхлэхээс 21 хоногийн өмнө их сургуулийн эрдэм шинжилгээний дансанд төлсөн байна.

10.6.    Гадаад хэлний шалгалтыг амжилттай өгсөн байх нь магистрын зэрэг олгох нэг болзол болно. Гадаад хэлний шалгалтад хангалтгүй дүн авсан магистрант Эрдэм шинжилгээ, технологийн проректорын шийдвэрийн дагуу тухайн улирлын шалгалтын хугацаанаас өмнө дахин 1 удаа шалгалт өгч болно. Гадаад хэлний шалгалт нь магистрын сургалтын агуулга, багтаамжид кредитээр тооцогдохгүй.

10.7.    Магистрант олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний шалгалтын хүчин төгөлдөр гэрчилгээтэй бол уг гэрчилгээнд тавигдсан дүнг үндэслэн магистрантын гадаад хэлний шалгалтыг шууд дүйцүүлэн тооцох асуудлыг шалгалтын комисс шийдвэрлэнэ.

10.8.    Шалгалтын комисст орж, магистрантаас гадаад хэлний шалгалт авсан багшийн ажилласан цаг нь тухайн багшийн сургалтын ажлын жилийн ноогдлын гүйцэтгэлд тооцогдохгүй бөгөөд шалгалт авсан цагийн хөлсийг ШУТИС-ийн Профессор, багш нарын ажлын кредит тооцох журмын дагуу бодож олгоно.

10.9.    Комисс гадаад хэлний шалгалтын дүн, шалгалт авсан тухай протоколыг холбогдох материалын хамт МДА-нд хүлээлгэн өгнө.

10.10.  Гадаад хэлний шалгалтын үнэлгээ нь магистрантын нийт суралцсан хичээлийн дүнгийн хамт магистрын зэргийн дипломын хавсралтад бичигдэнэ.

АРВАН НЭГ. ДОКТОРАНТААС МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТ АВАХ

11.1.    Докторантаас суралцаж буй мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэг эзэмшсэн байдалд үнэлэлт өгөх зорилгоор сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацааны дагуу мэргэжлийн нэгдсэн шалгалт авна. Докторантаас авах мэргэжлийн нэгдсэн шалгалтыг улирал бүрт нэг удаа зохион байгуулна.

11.2.    Мэргэжлийн нэгдсэн шалгалтад орох докторант дараах шаардлагуудыг биелүүлсэн байна. Үүнд:

а.   Сургалтын төлөвлөгөөнд заагдсан нийт хичээлийг бүрэн судалж дүүргэсэн

б.   Онолын болон туршилт судалгааны ажлын 50-иас дээш хувийг гүйцэтгэсэн

в.         Судалгааны ажлын үр дүнг харъяалах профессорын баг, мэргэжлийн салбарын  эрдэмтдийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн байна.

11.3.    Мэргэжлийн нэгдсэн шалгалт авах үйл ажиллагааг Төв комисс зохион байгуулна. Төв комиссын даргаар их сургуулийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор, нарийн бичгийн даргаар МДА-ны дарга ажиллана.

11.4.    Төв комисс мэргэжлийн нэгдсэн шалгалтын удирдамжийг батлах ба мэргэжлийн чиглэл тус бүрээр салбар комиссуудыг зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, шалгалтын шаардлагыг адил тэгш байлгах нөхцлийг бүрдүүлэх үүргийг хүлээнэ.

11.5.    Доктор(Ph.D)-ын сургалт явуулж буй бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөл докторантаас мэргэжлийн нэгдсэн шалгалт авах салбар комисст орох докторын зэрэгтэй 3-аас доошгүй эрдэмтнийг Төв комисст санал болгох ба шалгалт авах хуваарийг гаргаж, шалгалтын бэлтгэлийг хангуулна.

11.6.    Салбар комисс тухайн мэргэжлийн нэгдсэн шалгалтын хэлбэрийг тодорхойлж, шалгалтын сэдэв, материалыг баталж, докторантаас мэргэжлийн нэгдсэн шалгалтыг холбогдох удирдамжийн дагуу авах ажлыг хариуцан зохион байгуулна.

11.7.    Салбар комисст орж, докторантаас мэргэжлийн нэгдсэн шалгалт авсан профессор багш нарын ажилласан цаг нь тухайн багшийн сургалтын ажлын жилийн ноогдлын гүйцэтгэлд тооцогдохгүй бөгөөд шалгалт авсан цагийн хөлсийг ШУТИС-ийн Профессор, багш нарын ажлын кредит тооцох журмын дагуу бодож олгоно.

11.8.    Мэргэжлийн нэгдсэн шалгалтад ороогүй докторантаас шалгалт нөхөн авахгүй бөгөөд дараагийн улирлын шалгалтад орохыг зөвшөөрнө.

11.9.    Докторант мэргэжлийн нэгдсэн шалгалтыг амжилттай өгсөн байх нь доктор(Ph.D)-ын зэрэг олгох нэг болзол болно.

11.10.  Салбар комисс мэргэжлийн нэгдсэн шалгалтын дүн, шалгалт авсан тухай протоколыг холбогдох материалын хамт МДА-нд хүлээлгэн өгнө.

11.11.  Мэргэжлийн шалгалтын үнэлгээ нь докторантын нийт суралцсан хичээлийн дүнгийн хамт доктор(Ph.D)-ын зэргийн дипломын хавсралтад бичигдэнэ.

АРВАН ХОЁР. МАГИСТР, ДОКТОР(Ph.D)-ЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТҮВШИН ТОГТООХ

12.1.    Магистрант, докторантын судалсан хичээлүүдийн цуглуулсан кредит, судалгааны ажлын түвшинг тогтоох зорилгоор магистр, доктор(Ph.D)-ын сургалт, судалгааны явцын түвшин тогтоох ажлыг хичээлийн жил бүрийн Намрын улиралд бүрэлдэхүүн сургуулиуд дээр зохион байгуулна.

12.2.    Магистр, доктор(Ph.D)-ын сургалт, судалгааны явцын түвшин тогтоох ажлын зорилго нь:

а.   Тухайн мэргэжлээр суралцаж байгаа магистрант, докторантын өөрийн идэвх чармайлт, удирдагч болон зөвлөхтэй хамтарч ажилласан байдал, сурах, сургах үйл ажиллагааг бодьтой үнэлэх

б.   Магистрант, докторантын судалгаа, шинжилгээний ажил нь тухайн суралцаж буй түвшинд хийгдсэн буюу зохих хэмжээнд хүрсэн эсэхийг тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхөд оршино.

 

12.3.    Магистр, доктор(Ph.D)-ын сургалт, судалгааны явцын түвшин тогтоох ажлыг тухайн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд удирдан зохион байгуулна.

 

12.4.    Магистр, доктор(Ph.D)-ын сургалт явуулдаг бүрэлдэхүүн сургуулийн мэргэжлийн салбар бүрт магистр, доктор(Ph.D)-ын сургалт, судалгааны явцын түвшин тогтоох комиссыг бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар байгуулан ажиллуулна. Комиссын ахлагчаар тухайн салбарын эрхлэгч ажиллах ба комисст тэргүүлэх профессорууд, эрдэмтдийг оруулна. 

12.5.    Профессорын баг тухайн багт харъяалагдах магистрант, докторантын сургалт, судалгааны явцын үр дүнг суралцагч тус бүрээр гаргаж холбогдох комисст танилцуулах ба уг үйл ажиллагаанд магистрант, докторант нар өөрийн биеэр оролцож ажлаа тайлагнана.

12.6.    Магистрант, докторант сургалт, судалгааны ажлаа комисст тайлагнахдаа дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

а.   Магистрант, докторантын сургалтын төлөвлөгөөний дагуу үзэж судалсан хичээлийн дүнгийн хуудас

б.   Эрдэм шинжилгээний хурал, профессорын багийн семинарт илтгэл тавьж хэлэлцүүлсэн тухай удирдагчийн тодорхойлолт

в.   Сэдвийн дагуу явуулсан туршилт, судалгааны ажлын явц, үр дүнгийн тухай магистрант, докторантын тайлан

г.   Магистрант, докторантын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан судалгааны ажлын биелэлт, тухайн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлын хүрсэн үр дүнд өгсөн удирдагчийн үнэлгээ

12.7.    Комисс 12.6-д дурдсан зүйлүүдийн биелэлтийг нийтэд нь 100 хүртэл оноогоор дүгнэнэ.

12.8.    Комисс магистрант, докторантын судалгаа, шинжилгээний ажлын явцыг дүгнэхдээ магистрант, докторантын судалгааны ажлын төлөвлөгөөний биелэлтийг нэг бүрчлэн авч үзнэ.

12.9.    Комисс хяналтын магадлагаа хийсний үндсэн дээр магистрант, докторантыг төлөвлөгөөний дагуу цаашид үргэлжлүүлэн сургах, хасах, шилжүүлэх, жилийн чөлөө олгох эсэх талаар хэлэлцэж, холбогдох санал бүхий тэмдэглэлийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлд танилцуулна. Захирлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг МДА-нд ирүүлнэ.

АРВАН ГУРАВ. МАГИСТРЫН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ ХАМГААЛАХ

13.1.    Магистрын түвшний сургалтын төгсөлтийн судалгааны ажил (цаашид төгсөлтийн ажил гэх)-ын зорилго нь магистрантад мэргэжлийн онолын мэдлэгээ бататган гүнзгийрүүлж, суралцаж буй чиглэлийн хүрээнд тавигдаж байгаа шинжлэх ухаан, технологийн тулгамдсан асуудлуудын талаар онол арга зүйн мэдлэг эзэмшиж, шийдвэрлэвэл зохих асуудлыг илрүүлэх, үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох, дэвшилтэт технологийн арга ажиллагааг нэвтрүүлэх арга замыг тодорхойлох зэрэг эзэмшиж байгаа мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний болон зохион бүтээх ажлын зохих арга барил, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

13.2.    Төгсөлтийн ажлыг харъяалагдах бүрэлдэхүүн сургууль, профессорын багийн эрдэм шинжилгээ, зохион бүтээх болон технологи дамжуулах ажлын чиглэл, байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудын захиалгыг үндэслэн, их сургуулийн Ректорын тушаалаар баталсан сэдвийн дагуу хийж гүйцэтгэнэ.

13.3.    Сургалтын төлөвлөгөөнд заасан кредитийг бүрэн цуглуулсан, төгсөлтийн ажлын сэдэв, удирдагч нь их сургуулийн Ректорын тушаалаар батлагдсан, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн магистрантыг төгсөгч магистрантаар бүртгэнэ.

13.4.    Төгсөлтийн ажил нь сэдвийнхээ агуулгыг бүрэн хамарч шинжлэх ухаан, технологийн онол, арга зүйн өндөр төвшинд боловсрогдсон, судалгаа, шинжилгээний болон үйлдвэрлэлд технологи дамжуулах, зохион бүтээх, туршин нэвтрүүлэх чиглэлтэй, орчин үеийн загварчлалын аргуудыг ашиглаж, зохих норм, стандарт, журмын дагуу хийгдсэн байвал зохино.

13.5.    Төгсөлтийн ажил нь тайлбар бичгийн хэлбэртэй, монгол хэлээр бичигдсэн байх бөгөөд бүтээлийн товч хураангуйг 3 хүртэл хуудсанд багтаан орос, англи хэлний аль нэг дээр бичиж төгсөлтийн ажилд хавсаргана.

13.6.    Төгсөлтийн ажлын бичиглэлд дараах шаардлага тавигдана. Үүнд:

  • Үндсэн тайлбар бичиг нь А4 хэмжээний цаасан дээр 12 pt үсгийн өндөртэй, “Аriel”, “Academy”, “Times New Roman”, “Journal” зэрэг үсгийн фонтоор 1.2 sp-мөрийн зайтай тохируулж, цаасны зүүн талаас-3см, баруун талаас-2 см, дээд талаас-2.5см, доод талаас-2.5см хэмжээтэйгээр Unicod системээр бичигдсэн байна. Хуудасны дугаарыг доод талын төв хэсэгт тавина.
  • Ажлын хэмжээ 60-аас доошгүй хуудсанд багтсан байна.
  • Ажилд тусгагдсан хүснэгт, зураг бүр оноосон нэртэй байх ба хүснэгтийн дугаарыг баруун дээд буланд, нэрийг хүснэгтийн дээд талд голлуулан, зургийн дугаар, нэрийг түүний доод төв хэсэгт, томьёоны дугаарыг ард нь дугуй хаалтад тус тус тавина.
  • Зураг, график, схем нь өнгийн зохицол, хэрэглээний хувьд тод ойлгомжтой, чанарын өндөр төвшинд хийгдсэн байна. Тухайлбал: Өнгөөр ялгах зайлшгүй шаардлагатай график, схем, зураг, диаграмм зэргийг өнгөтөөр хэвлэнэ.
  • Бүлгүүдийн нэр, дэд гарчиг, туслах гарчиг, үндсэн бичвэр, тайлбар, даалгавар зэрэг элементүүд нь тус бүр ижил загвараар бичигдсэн байна.

13.7. Төгсөлтийн ажлын үндсэн тайлбар бичиг нь дараах ерөнхий